ДЦУБ болон бүсийн төвүүдийн мэдээлэл
Монгол улс ба ДЦУБ
Монгол улс 1963 онд Дэлхийн цаг уурын байгууллагад гишүүнээр элсэн орсон.
Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын гадаад үйл ажиллагааг зохицуулж, шинжлэх ухаан-техникийн тал дээр гадны өндөр хүчин чадалтай багаж тоног төхөөрөмжүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өндөр мэргэшлийн боловсон хүчинтэй болох тал дээр Дэлхийн цаг уурын байгууллагатай /ДЦУБ/ хамтран ажиллажбайна.
Энэхүү ажлын хүрээнд Дэлхийн цаг уурын байгууллагаас явуулж буй бодлого, үйл ажиллагаатай Цаг уур, орчны шинжилгээний газрын ажлыг уялдуулан зохицуулах, салбарын боловсон хүчнийг сургах, давтан сургах асуудлыг зохион байгуулах, ДЦУБ-аас хэрэгжүүлж буй олон талт хөтөлбөр, хурал зөвөлгөөн, сургалт семинарт мэргэжилтнүүдийг оролцуулах, Ус цаг уур, орчны шинжилгээний техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр ДЦУБ-тай хамтран ажиллаж байна.
Дэлхийн цаг уурын байгууллага болон Шинжлэх ухааны олон улсын зөвлөлөөс 2007-2008 оныг олон улсын Туйл судлалын жил болгон зарласантай холбогдуулан “Олон улсын туйл судлалын жилийн ажлыг зохион байгуулах тухай” Монгол улсын Засгийн газрын 64 дүгээр тогтоол 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гарч, олон улсын туйл судлалын жилд зохиох ажлын төлөвлөгөө батлан гаргаж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс Монгол улс, ОХУ, БНСУ-ын цаг уурчдын баг Хөвсгөл нуураас-Байгаль нуур руу усан аялал зохион байгуулж, маршруутын дагуу Сэлэнгэ мөрний усны дээжийн шинжилгээ авч боловсруулсан ба Болгар улсын туйл судлалын хүрээлэнтэй хийсэн хэлэлцээрийн дагуу 2007 онд Ус цаг уур, орчны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Батболд, 2014 онд ус судлаач Х.Пүрэвдагва нар Болгар улсын туйл судлалын хүрээлэнгийн олон улсын багийн бүрэлдэхүүнд тус тус ажилласан.
Одоогийн байдлаар Цаг уур, орчны шинжилгээний газар ОХУ, БНХАУ, БНСУ-ын Цаг уурын албадтай идэвхтэй хамтран ажиллаж, олон төрлийн харилцан ашигтай гэрээ хэлэлцээр, төслүүдийг хэрэгжүүлж байна.ОХУ, БНХАУ, БНСУ-ын Цаг уурын албад ЦУОШГ-тай 2 жил тутам уулзалт зохион байгуулж хамтын ажиллагааны чиглэлээ тогтоон, баталж техник технологийн шинэчлэл, мэдээлэл, туршлага харилцан солилцох, сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллаж байна.
Швейцари улсын нийслэл Женев хотноо 4 жил тутамд зохион байгуулагддаг ДЦУБ-ын их хуралд ЦУОШГ-ын төлөөлөгчид оролцсоор байна.
ДЦУБ–тай цаг уурын тоног төхөөрөмжүүдийг сайжруулах, шинэ дэвшилт техник, технологийг нэвтрүүлэх, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх тал дээр хамтран ажиллаж байна. БНСУ, БНХАУ дахь бүсийн сургалтын төвүүдэд зохион байгуулагддаг сургалтуудад манай мэргэжилтнүүдийг урьж оролцуулдаг.
ДЦУБ-ын сайн дурын хамтын ажиллагааны үндсэн дээр БНСУ-ын Цаг уурын газраас “Нислэгийн цаг уурын үйлчилгээг орчин үеийн түвшинд хүргэх” төсөл хэрэгжиж байна. Мөн Японы Цаг уурын албанаас 2016 оны 10 дугаар сард Himawari-Cast хиймэл дагуулын мэдээ хүлээн авах системийг суурилуулан өгч, манай мэргэжилтнүүдэд системийн талаар сургалт зохион байгуулаад байна.