ДЦУБ болон бүсийн төвүүдийн мэдээлэл
Дэлхийн цаг уурын байгууллага
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ) нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын төрөлжсөн байгууллага бөгөөд Дэлхийн агаар мандал, далай тэнгис, уур амьсгал, усны нөөцийн тархалтын асуудлаар НҮБ системийн эрх бүхий дуу хоолой болж байдаг.
ДЦУБ 196 гишүүн оронтой (2013 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар). ДЦУБ 1873 онд Олон улсын цаг уурын байгууллага нэртэйгээр 1950 онд байгуулагдаж, 1951 онд НҮБ-ын цаг уур (цаг агаар, уур амьсгал), ус судлал, геофизикийн шинжлэх ухааны асуудал хариуцсан төрөлжсөн байгууллага болсон.
Цаг агаар, уур амьсгал, усны асуудал нь хил хязгаар гэж байхгүй тул цаг уур, ус судлалыг хөгжүүлэхэд чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай.
ДЦУБ байгуулагдсанаасаа хойш хүн төрөлхтний аюулгүй байдал, эд хөрөнгийг хамгаалах ажилд голлох үүрэгтэйгээр хувь нэмрээ оруулсаар ирсэн. ДЦУБ-аас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн хүрээнд Үндэсний Цаг уур, ус судлалын асуудал эрхэлсэн байгууллагууд байгалийн гамшигт үзэгдлийн эсрэг хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, усны нөөц, тээвэр зэрэг салбаруудын эдийн засаг, нийгмийн байдлыг бэхжүүлэх ажилд бодитой хувь нэмрээ оруулсаар байна.
ДЦУБ цаг уур, уур амьсгал судлал, ус судлал, геофизикийн ажиглалтууд, мөн мэдээлэл солилцох, боловсруулах, стандартчилах, технологийн туршлага солилцох, сургалт, судалгаа зохион байгуулах сүлжээг бий болгох хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна. Мөн гишүүн орнуудын Үндэсний Цаг уур, ус судлалын асуудал эрхэлсэн байгууллагуудын хооронд цаг уурын хэрэглээг олон нийтийн цаг агаарын үйлчилгээ, хөдөө аж ахуй, нисэх, ачаа тээвэр, хүрээлэн буй орчин, усны асуудал, байгалийн гамшгийн нөлөөллийг бууруулах асуудлаар хамтран ажиллахад дэмжлэг үзүүлдэг.
ДЦУБ бодит болон бодит биш хугацааны мэдээ, мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ солилцох ажлыг нийгэм эдийн засгийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах,үндэсний болон олон улсын хэмжээнд эдгээр салбаруудын бодлогыг тодорхойлоход хувь нэмрээ оруулдаг.
Байгалийн гамшигт үзэгдлийн 90 орчим хувийг бий болгодог цаг агаар, уур амьсгал, уснаас үүдэлтэй аюулын үед ДЦУБ-ын хөтөлбөрүүдээс гаргадаг урьдчилсан сэрэмжлүүлэг нь хүний амь насыг аврах, эд хөрөнгө, хүрээлэн буй орчны хохирлыг бууруулахад чухал мэдээлэл болдог. Мөн ДЦУБ химийн болон цөмийн осол, ойн түймэр, галт уулын үнс зэрэг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшигт үзэгдлийн нөлөөллийг бууруулахад хувь нэмрээ оруулдаг.
ДЦУБ өөрийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан байгаль орчны мониторинг хийх, хамгаалах олон улсын хүчин чармайлтад голлох үүрэг гүйцэтгэдэг. НҮБ-ын бусад агентлагууд, Үндэсний Цаг уур, ус судлалын асуудал эрхэлсэн байгууллагуудтай хамтран олон тооны байгаль орчны асуудлаар батлагдсан конвенцуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг бөгөөд засгийн газруудад холбогдох асуудлаар зөвлөгөө, үнэлгээ өгдөг.