Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгийн аюулаас сэрэмжлүүлэх нэгдсэн систем (RIMES)

Энэтхэгийн далайд 2004 онд ЦУНАМИ хэмээх байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас олон мянган хүний амь эрсдэж, далайн эргийн улс орнуудын эдийн засагт асар их хэмжээний гарз, хохирол учирсан тул улс орнууд энэ гамшигт үзэгдлээс сургамж авч, байгалийн гамшигт үзэгдлээс эртнээс сэрэмжлүүлэх нэгдсэн, цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр эрсдлийг бууруулахын төлөө хамтран ажиллах зайлшгүй шаардлага хурцаар тавигдах болсон. Африк, Азийн 7 орон анх энэ чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож байсан бол одоогоор тус бүсийн 26 улс орон энэ үйл ажиллагаанд нэгдэхээ мэдэгдээд байна.       

Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгийн аюулаас  сэрэмжлүүлэх нэгдсэн систем (RIMES) нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдөр НҮБ-ын Засгийн газар хоорондын албан ёсны нэг хөтөлбөр болон 102 дугаартайгаар бүртгэгдсэн. Гэвч энэ нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газар (UNEP), НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-ийн адил НҮБ-ын төрөлжсөн байгууллагын статусгүй бөгөөд олон улсын шинж чанартай, Засгийн газар хоорондын байгууллага юм.

Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгийн аюулаас  сэрэмжлүүлэх нэгдсэн систем (RIMES) нь Дэлхийн цаг уурын байгууллагатай харилцан ойлголцох тухай санамж бичиг байгуулсан ба Үндэсний цаг уурын албадын чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг  явуулдаг.

Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгийн аюулаас  сэрэмжлүүлэх нэгдсэн систем (RIMES)-ийн төвөөс  цаг уурын ажиглалт, хяналт, шинжилгээний арга, технологийг сайжруулан, цаг агаарын урьдчилсан мэдээний таарцыг дээшлүүлснээр байгалийн олон төрлийн гамшгаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.

Хуваалцах :